Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын концессын авто замын хөдөлгөөнийг нээх ёслол

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын концессын авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.

Моннис Интернэшнл ХХК болон Саусгоби Сэндс ХХК-ийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг хийж, Төсөл хэрэгжүүлэгчээр Ар Ди Си Си ХХК /RDCC LLC/, ерөнхий гүйцэтгэгчээр Эн Ти Би ХХК /NTB LLC/ тус тус ажиллаж 3 жилийн хугацаанд авто замын анхны концессын төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Ингэснээр Монгол Улсад анх удаа хүнд даацын тээврийн хэрэгсэл явахад зориулагдсан нэг тэнхлэгийн даац 26 тн, 25 см цементээр бэхжүүлсэн суурьтай, 24 см цемент бетон хучилттай 43,2 км авто зам ашиглалтанд орж байна. 

Уг төслийн үр дүнд хилээр нэвтрэх ачаа эргэлт хурдасч, нүүрсний экспорт нэмэгдэж байгаа нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг бүс нутгийн хөгжилд нөлөөлөх ба цаашид Монгол Улсын босоо тэнхлэгийн гол авто замын хэсэг болж эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн хөрсний эвдрэлийг бууруулж, ус, агаарын бохирдлыг багасган байгаль орчныг хамгаалан нутгийн ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд түлхэц болно гэж нутгийн удирдлагууд үзэж байна.